|
Нийгмийн даатгалын Улсын байцаагч Б.Ганхуягтай уулзаж Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахтай холбогдсон асуултуудад хариулт авлаа.
- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нь ямар ашигтай вэ? - Нийгмийн даатгал хэн бүхний амьдралтай салшгүй холбоотой. Хувиараа хөдөлмөр эрхлэх замаар үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулж байх хугацаанд амьдралд чинь янз бүрийн эрсдэл гарч ирж орлогын эх үүсвэр бууран амьдралын баталгаа алдагдах тохиолдол гардаг шүү дээ. Энэ тохиолдолд эрсдлээс хамгаалах зорилгоор хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дураар даатгуулах нь ашигтай. - Иргэд ямар тохиолдолд Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болох вэ? - Хувиараа хөдөлмөр эрхлэх замаар үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх, худалдаа наймаа хийх, мал маллах, газар тариалан эрхлэх зэргээр ажиллаж байгаа иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно. - Сайн дураар даатгуулагч иргэд нь нийгмийн даатгалын ямар төрөлд даатгуулж, нийгмийн даатгалын санд сарын орлогоосоо хэдэн хувиар тооцож шимтгэл төлөх вэ? - Тэтгэврийн даатгалд 10.0 хувь, тэтгэмжийн даатгалд 1.0 хувь, Үйлдвэрийн осол, Мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд 1.0 хувь эрүүл мэндийн даатгалд 1.0 хувиар даатгуулна. - Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахдаа шимтгэл төлөх сарын орлогыг ямар журмаар тодорхойлох вэ? Сарын орлогод дээд, доод хязгаар гэж бий юу? - Иргэд нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулна. Гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, төлөх шимтгэлийн хэмжээ, шимтгэл төлөх хугацааг тодорхой тусгаж өгсөн байх ёстой. Нэг сард төлбөл зохих шимтгэл тооцох орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна. Тухайлбал, 2008.01.01 -нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108000 төгрөгөөр тогтоосон. Харин хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэж заасны дагуу даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 1080000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тогтоосон. Иймд сайн дураар даатгуулж буй иргэн Засгийн газрын тогтоолоор баталсан доод хэмжээнээс багагүй, дээд хэмжээнээс ихгүй орлогоос шимтгэл төлнө. - Сайн дураар даатгуулсан нөхцөлд иргэд сангаас ямар ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж авах эрх эдлэх вэ? - Тэтгэврийн даатгалд даатгуулснаар өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин тэтгэмжийн даатгалд даатгуулснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэн болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж авна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулснаар тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, рашаан сувилалд эмчлүүлсний зардал авах эрхийн үүд нь нээгдэнэ. - Сайн дураар даатгуулах болбол хаана хандах вэ? Сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сумын нийгмийн даатгалын хэлтэс, байцаагч дээрээ очиж нийгмийн даатгалд даатгуулсан тухай гэрээг харилцан тохиролцон хоёр хувь үйлдэж байгуулна. Гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хоёр хувь цээж зургийг заавал авчраарай. Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр байхгүй бол шинээр дэвтэр нээж өгөх болно. - Даатгуулах иргэд шимтгэлийн тооцоог ямар журмаар хийх вэ? - Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдүүлгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана. Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулсан байх ёстой. - Ямар тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай хийсэн гэрээгээ цуцлах вэ? - Даатгуулагч нь аж ахуйн нэгж байгууллагад ажилд орох, тэтгэвэр тогтоолгох, нас барах, өөр аймаг, сум, дүүрэгт шилжих тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай нийлж гэрээг цуцлуулж энэ тухайгаа нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлэх бөгөөд шилжилт хөдөлгөөний тухай тэмдэглэгээ хийлгэнэ. - Тэгвэл ямар тохиолдолд хариуцлага хүлээлгэх вэ? - Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги ногдуулан төлүүлнэ. Эцэст нь залууст хандан хэлэхэд өнөөдөр манай аймагт хувиараа бизнес эрхэлдэг боломжийн амьдралтай залуус олон байдаг ч тэд нийгмийн даатгалд хамрагддаггүй нь надад харамсалтай санагддаг. Одоо амьдрал нь тэгш сайхан байгаа ч нас яваад ирэхээр улсад ажилласан жилгүй, өндөр насны тэтгэвэргүй л хоцорно. Үүнийг залуус тэр бүр бодолцохгүй байх шиг байна. Хэрэв нийгмийн даатгалд сайн дураар даатгуулчихвал муугаар бодоход нас барлаа гэхэд оршуулгын тэтгэмж, үлдсэн үр хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй үлдэнэ шүү дээ. Тэдэнд өнөөгийн амьдралаа болж бүтэж байна гээд яваад байлгүй ирээдүйгээ баталгаажуулахын тулд сайн дураар нийгмийн даатгалд даатгуулахыг уриалж байна. А.БАТТУЯА Дорнод сонин 2008.09.23. ¹32 (213) |