http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
Эрүүл хүнтэй харилцдаг шигээ байж болдоггүй Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2008/11/09

Дэлхийн эрүүл мэндийн өдөр” -ийг тохиолдуулан аймгийн БОЭТ -ийн Сэтгэцийн тасгийн их эмч Б.Батдуламтай уулзаж ярилцав.

- Манай аймагтДэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр” -ийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

- Энэ өдрийг жил бүр 10 дугаар сарын 10 -ны өдөр тодорхой уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьдСэтгэцийн эрүүл мэндийг дэлхий дахины тэргүүлэх чиглэл болгоё. Иргэн бүрийн идэвхтэй оролцоотойгоор тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүльеуриан дор болсон. Манай улсад энэ өдрийг 10 дахь жилдээ манай аймагт гурав дахь удаагаа тэмдэглэж байна.

- Энэ өдрөөр танай тасгаас ямар ажлыг зохион байгуулав?

-  Яг энэ өдөрт холбогдуулан хөдөлгөөн, жагсаал цуглаан гээд олныг хамарсан янз бүрийн үйл ажиллагаа явуулж чадаагүй.  Бид тасгийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулах, иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан. Жилээс жилд дэвшил гарч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгэцийн эрүүл мэндийн талаархи мэдээллийг олон нийтэд өгч байна.

- Энэ жилийн онцлог гэвэл?

- Энэ жилийн хувьд энэ өдөр маань манай аймагт сэтгэцийн эрүүл мэндийн алба, сэтгэцийн эрүүл мэндийн диспансер байгуулагдсаны 30 жилийн ойтой давхацсан. Ойгоо угтаад, Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан үйлчлүүлж байгаа өвчтөн, эмчлүүлэгч нартаа ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор тохижилтын нэлээд ажлыг хийлээ. Сэтгэцийн өвчтөн гэдгээр нь тэднийг ялгаварлаж болохгүй шүү дээ. Жил ирэх бүр энэ тал дээр нэлээд ажлыг хийдэг.

- Энгийн биднийг харахад сэтгэцийн тасгийн эмч нар илүү хүнд орчин нөхцөлд ажилладаг юм шиг санагддаг.

- Тэр үнэн шүү. Сэтгэцийн өвчнөөр өвчилсөн хүний зан байдал, төрх үйл зэрэг нь их бага хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Иймээс эрүүл хүнтэй харьцдагтай адилгүй тун хүнд. Үүгээрээ мэргэжил нэгтнүүдээсээ ялгаатай. Аминд тулсан хүнд өвчтөн манайд ирдэггүй ч өөрийн ухаангүй, янз бүрийн хий юм үзэж сонсоод, яриад байгаа тэдэнтэй тулж ажиллана гэдэг амаргүй л дээ. 

- Манай аймаг улсын хэмжээнд сэтгэцийн эмгэг өвчлөлөөр хэдэд явдаг вэ?

- Сэтгэцийн эмгэгээр өвчлөгсдөөрөө манайх дээгүүрт ордог. Жил ирэх бүр энэ тоо нэмэгдэж байна. Сэтгэцийн эмгэгээс болж хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа иргэд нийт хөдөлмөрийн чадвараа алдагсдын гуравны нэг хувийг эзэлдэг.

- Энэ нь юутай холбоотой вэ?

- Нийгмийн хөгжлийг дагаад сэтгэцийн өвчин нэмэгдэх чиг хандлага ажиглагддаг юм байна. Дэлхийн арван хүн тутмын нэг нь сэтгэцийн өвчтэй гэсэн судалгаа бий. Техник технологийн хөгжил, ядуурал, архидалт, ажилгүйдэл, цалин хөлс зэрэг нийгмийн янз бүрийн үзэгдэл түүнд нөлөөлдөг. Бүх хүнийг сэтгэцийн өвчтэй, эрүүл гэж ангиллаа гэхэд сэтгэцийн өвчтэй хүн нь эрүүл хүнээсээ олон байдаг. Хүмүүс өвчлөлөө бага дээр нь анзааралгүй явсаар гүнзгий хэлбэрт шилждэг.

- Сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэдгээ мэдсэн хүн хаана хандахав?

- Дотроо айдастай, бухимдалтай явдаг хэн ч манай БОЭТ -ийн Сэтгэцийн тасгийн эмч нартай уулзаж зөвлөгөө авах боломжтой. Би сүүлийн хоёр жилийн хугацаанд амиа хорлох шалтгаан нөхцлийг судалж байна. Энэ бүхэнд гэр бүл салалт, нөгөө л ядуурал, ажилгүйдэл, архидалт, өнчрөл хагацал зэрэг нийгмийн үзэгдэл нөлөөлөн амиа хорлоход хүргэдэг. Тиймээс бүхий л албан байгууллага, сургууль, цэцэрлэгт сэтгэл зүйч зайлшгүй шаардлагатай. Өөрт тохиолдсон гутрал гунигаа ичиж нуулгүй гадагшлуулбал тэр хүн ямар нэгэн стресст өртөхгүй. Үүнийгээ яаж гадагшлуулахаа мэдэхгүй байвал манай эмч нарт хандах нь зөв.

- Сэтгэцийн өвчнийг эмчлэх гол эмчилгээ нь юу вэ?

- Хөнгөн үед нь сэтгэл засах эмчилгээ хийдэг. Стресс тайлах арга ажиллагааг мэдэхгүй бол биднээс ирж суралцаж болно. Үнэхээр хүндэрсэн тохиолдолд эмийн аргаар эмчилдэг.

- Танай тасгийн хувьд хэр ачаалалтай байдаг вэ?

- Сүүлийн үед сэтгэцийн эмгэгийг эмчлэхдээ урд өмнөх шиг хааж, хорьж эмчлэхээ больсон. Дээр үед сэтгэцийн өвчтөнүүд гэхээрээ л цоожтой хаалганы цаана байдаг байсан. Одоо энэ үеийг халж аль болох хамт олон, орчинд нь эмчлэх бодлого барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай тасгийн орны тоог цөөлсөн. Нийгэм даяараа ийм үзэл баримтлал баримталж байхад ор багадаж байна гэж ярихыг хэн нэгэн буруушаах л байх. Гэхдээ үнэхээр татаж унаад, хүнд байдалд ороод ирсэн өвчтнүүд ирэхэд орны тоо хүрдэггүй.

- Сэтгэцийн эрүүл мэндээс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр ямар ажлыг хийж байна вэ?

- 2002 оноосСэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрхэрэгжиж эхэлсэн. Би сүүлийн гурван жилд нь энэ төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Энэ жилээс дахин энэ төсөл маань үргэлжлэн хэрэгжихээр болсон. Төслийн хүрээндДэлхийн эрүүл мэндийн байгууллага” -ын санхүүжилтээр нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмж манай тасагт нийлүүлсэн. Сэтгэцийн эмгэгийн гүн шоконд орсон хүн үс гэзгээ самнаж, нүүрээ ч угааж чадахаа больсон байдаг. Эдгээр өвчтнийг эмийн аргаар эмчилсний дараа нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай. Нүүрийг нь угаалгадаг, үсийг самнуулдаг бүр хоол хийлгэж сургадаг. Энэ нь нөхөн сэргээх эмчилгээ юм. Тиймээс бид тасагтаа хоол хийх газартай болох гэж байна. Хэдийгээр би энэ төслийн зохицуулагчаар ажилладаг ч өвчтнүүдээсээ илүү гарч энэ ажлыг хөөцөлдөж чаддаггүй. Уг нь энэ төслийг хариуцсан нэг эмч зайлшгүй шаардлагатай байгаа юм.

- Та дээр хэлэхдээ тасгийн гучин жилийн ой тохиож байгаа гэж байсан. Ойн хүрээнд ямар ажил хийгдэх вэ?

- Юун түрүүнд үйл ажиллагааныхаа талаар хэвлэл мэдээллээр нийтэд хүргэх ажлыг эхлэлээ. Бидний үйл ажиллагааг ойлгоод бидэнд хандах хандлага нэмэгдэнэ гэсэн итгэлтэй байгаа. 30 жилийнхээ ойд үе үеийн эмч, сувилагч, асрагч нарыгаа урьж оролцуулан манай тасгийнхан хүндэтгэлийн концерт тоглосон. Манайх гурван их эмчтэй, үндсэн 28 ажилтантай. Хяналтын асрагчаар эрэгтэй хүмүүс ажилладаг. Ингээд манай тасгийг үүсгэн байгуулалцаж тулгын чулууг тавилцсан ахмад эмч, одоо ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нартаа болон тэдний гэр бүлд аз жаргал сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

А.БАТ Дорнод сонин 2008.10.24.  ¹36 (217)

шинэч. ( 2008/11/11 )
 
Дараах >

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр108
mod_vvisit_counterӨчигдөр245
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт615
mod_vvisit_counterЭнэ сард2026
mod_vvisit_counterНийт233159

Онлайн зочин

Цаг агаар