|
|
|
|
|
|
|
Засгийн газар хөтөлбөртөө мансуурахын эсрэг нэг ч үг, |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009/01/20 |
Xap тамхи мансууруулах бодисын эсрэг үйл ажиллагаа явуулдаг нэгэн төрийн бус байгууллага 2007 онд судлагаа хийхэд Сэлэнгэ, Дархан-Уул, Замын-Үүдэд 150 орчим мансуурагч байдаг нь илэрч байсан билээ. Мөн манай улсын хар тамхи мансууруулах бодист донтогчид энэ төрлийн олон бодис, ургамал, тамхийг хэрэглэдэг болох нь батлагдаж.
Анх 1999 онд манай улсын хэмжээнд 45 мансуурагч бүртгэгдэж байсан бол 2008 онд зөвхөн насанд хүрсэн мансуурагчид 410, өсвөр насныхан 180 болж өссөн байх юм. Хамгийн харамсалтай нь хар тамхи, мансууруулах бодист шунан дурлагсад хүрээгээ боломжийн амьдралтай, баян айлын хүүхдүүдээр тэлдэг. Учир нь мансуурагчид энэ төрлийн бодис өвс, ургамал, тамхийг өндөр үнээр худалдан авдагаас хөрөнгөлөг айлын хүүхдүүдийг ангуучилж, эгнээгээ өргөтгөдөг байх юм, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэгээс ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг 100 хүүхдийн дунд тамхи татдаг, архи уудаг хүүхэд байна уу гэсэн судалгаа явуулжээ. Гэтэл 100 хүүхдийн 49 нь тамхи татдаг, ес нь архи уудаг байж. Үнэхээр харамсмаар байгаа биз, уншигчид аа, Ингээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Аддиктологийн их эмч С.Мөнхтуяагийн ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна. -Нэг хэсэг чимээгүй байсан. Харин өнөөдөр манай улсад хар тамхи мансууруулах бодисын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгтэй байна гэж ярьж. Дуугүй байгаад байх аргагүй болсон гэж ойлгож болох уу? -Мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх үйл явцыг өнөөдөр манай улсад ярихгүй бол хожимдох нь. Учир нь энэ асуудлыг бид улсын хэмжээнд ярьж, авч хэлэлцэхгүй бол манай улс олон улсын дамжин өнгөрүүлэх бааз болох шатандаа орох дээрээ тулж. Тиймээс энэ талаар холбогдох хүмүүс, төр засгийн байгууллагад хүргэхээр бид хэвлэлийнхэнд хандаад байна. Манай улсад Хар тамхи мансууруулах бодисын эсрэг үндэсний хөтөлбөр байхгүй. Уг нь 2000-2005 онд Хар тамхи мансууруулах бодисын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажилладаг байсан. Гэтэл хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2005 онд дууссан. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг тэр чигээр нь орхисноор өнөөдөр манай улсад хар тамхи мансууруулах бодистой тэмцэх төрийн болон төрийн бус байгууллага байхгүй болоод байна. -Таван жил хэрэгжсэн хөтөлбөр цуцлагдах болсон шалтгаан юунд байсан юм бол? -Хөтөлбөрийн хугацаанд сан гэж байсангүй. Уг нь хөтөлбөр сантай байж нэг сургуульд яриа хийж, нэг байгууллагад үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Гэтэл энэ бүхнийг санхүүжүүлэх сан байхгүйгээс энэ хөтөлбөр хаагдсан. Тиймээс бид энэ бүхнийг эргүүлэн бий болгох гэж. Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөртэй болж, хэрэгжүүлэх нь өнөөдөр манай улсад тулгамдаад байгаа томоохон асуудал. Аль ч улсад байдаг энэхүү үндэсний хөтөлбөр манай улсад байхгүй байгаа нь хар тамхи мансууруулах бодисоос хүүхэд залуусаа хамгаалах ажилд улс орон нь, төр засаг нь хэрхэн хандаж байгааг илэрхийлж байгаа хэрэг гэхэд хэтрүүлсэн болохгүй л байх. -Ямар ч улсын анхаарлыг татдаг, төвд нь байдаг асуудал хар тамхи, мансууруулах бодис. Магадгүй үндэсний хөтөлбөр байхгүй ч авах арга хэмжээнийхээ талаар Засгийн газрын хөтөлбөрт орсон байдаг л байх? -Хар тамхи мансууруулах бодисын эсрэг үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөтөлбөр байхгүй болохоор сан байхгүй. Тэгээд зогсохгүй Засгийн газрын 2009 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт энэ талаар өгүүлбэр бүү хэл үг ч оруулаагүй байгаа нь бидний гайхлыг төрүүлээд байна. Учир нь Монгол Улсад анх удаа хар тамхи мансууруулах бодисын хор уршгийн талаар ярьж байгаа юм биш. Харин ч өнгөрсөн онд энэ хэргийн улмаас монголчууд өөрийн нутагтаа болон харийн нутагт эрүүгийн хариуцлага хүлээн ялын дээд хэмжээг хүртэл сонсоод байхад ингэж хайхрамжгүй хандаж болохгүй шүү дээ. -Хэзээ ч билээ дээ. Монгол Улсын иргэд хар тамхи хэрэглэх биш харин улс хоорондын дамжин өнгөрүүлэх бааз болох магадлал байгаа талаар сонсч байсан юм байна? -ОХУ-д мансууруулах бодис хэрэглэгчдийн хүрээ тэлж байгааг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд анзаарч байгаа. Мэдээж энд ганц орос ч биш олон улс хамрагдана. Харин манай улсын хэмжээнд эдүгээ мансууруулах бодис хэрэглэгчид жилээс жилд өссөн тоо гарах болсон. Мөн тодорхой хэмжээгээр манай улс олон улсын хоорондын дамжин өнгөрүүлэх бааз болсон байх магадлал байгаа нь түгшүүр төрүүлж байна. Энд хэн нэгнийг буруутгах гэхээсээ илүү санамсаргүй байдлаар сонирхож, нэгнийгээ дагаж мансууруулах бодист уруу татагдах нь нэмэгдэж байгааг онцолмоор байна. -Арай тодорхой хэлэхгүй юу? -Эхлээд зүгээр л сонирхож байсан хүүхэд залуус маань сүүлдээ донтох өвчинд нэрвэгдэж байгаа болохоор. Өөрөөр хэлбэл, анх удаа, магадгүй хоёр, гурван удаа уг бодисыг найзаа юм уу, таньдаг хүүхдээ дагаж яваад санамсаргүй байдлаар хэрэглээд үзсэн хүүхэд эргээд түүнээс гарч чадахаа байдаг. Үүнийг донтох гэж бид яриад байгаа юм. Хамгийн гол нь ийм байдалд орсон хүүхэд эргээд энэ байдлаасаа гарахад маш хүндрэлтэй. Хүндрэлтэй гэдэг нь бүр гарч чадахгүй гэсэн үг биш. Харин маш удаан эмчилгээ, цаг хугацаа, их хэмжээний мөнгө хэрэгтэй. -Бас эмчилгээний үр дүн ч тийм сайн биш байдаг гэж сонсч байсан юм байна? -Нуух юм байхгүй. Энэ өвчинд эмчилгээний үр дүн маш бага. Учир нь мансуурч донтох өвчнөөр өвчилсөн хүний зан төрх, биед маш их өөрчлөлт ордог, Нөгөө талаараа ямар нэгэн өвчин туссан хүн эмнэлэгт хандаад эмчлүүлдэг. Тэгвэл мансуурч донтдог хүмүүс эмчид, эмнэлэгт хандахаас эмээдэг. Мөн мансуурч донтох өвчнөөр өвчилсөн хүний ар гэрийнхэн маш хүнд байдалд ордог. Хүүхэд нь хүндээр өвчлөөд байхад аав ээжид нь хүнд тусах нь ойлгомжтой. Гэтэл мансууруулах бодист толгойгоо мэдүүлсэн хүүхдээ шаналж, зовж байхыг харах ээж аавд нь мэдээж хэцүү байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь тухайн хүүхдийнх нь зан ааш нь өөрчлөгдөж, биеийн эсэргүүцэл нь сулардаг. Байнга л хэрэглэхгүй бол бие эрхтэн нь нэхээд байх болохоор мансуурагчид донтогчдын дийлэх нь гэрээсээ хулгай хийх замаар гэмт хэрэг үйлдэж эхэлдэг. Энэ бүхэн дарамт болдог учир гэр бүлийн байдал хүндэрч үл ойлголцол бий болж асуудал үүсэх нь ойлгомжтой. -Магадгүй хүүхдээ хэт дураар нь орхиж анхаарлаа бага тавьснаас. Өөрөөр хэлбэл, хараа хяналтаасаа бүрэн гаргаснаар ийм байдалд ордог байх? -Бид хүүхдээ хичээлдээ яваад байгаа гэж бодож байтал үгүй байж. Манай хүүхэд ийм зүйл үнэрлэж татдаг болж гээд аваад ирэх. Эсвэл гэрээсээ гараад удсан. Нэг ирэхээрээ хулгай хийгээд байх юм. Үл бүтэх хүүхдүүдтэй нөхөрлөж үгэнд орохгүй, үг хэлэхээр хэдэрлэж хэрэлдэж бүр зодолдох шахсан гэх мэтээр эх эцэг нь гомдол мэдүүлдэг. Хамгийн гол нь ингэж байгаа хүүхдүүд ганцаараа мансуурдаггүй. Түүний цаана олон эсвэл цөөн ч хүн байдаг. Тэд нийлж уг хэргийг үйлдэж байдаг. Энэ л анхаарал татсан хамгийн хүнд асуудал болоод байна. -Хараад байхад иймэрхүү тохиолдолд төрийн бус байгууллагууд түлхүү ажлаад байх шиг санагддаг? -Төрийн бус байгууллагуудыг би сайн ажилладаг гэж дүгнэж байгаа. Учир нь гэрээсээ дайжин хулгай хийн бусадтай нөхөрлөн мансуурагч хүүхдүүд залуусыг илрүүлж, тэдэнд тусалж, уг замаас нь гаргах гэж олон ажлыг манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд л хийж байна. Энэ ч утгаараа Мансуурлын эсрэг үндэсний төв, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагаас хийсэн ажлын хүрээнд арай далайцтай тоон мэдээллүүд гарч байгаа. Харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр бол өвчтөн гэдэг утгаараа иргэд ханддаг. Мөн манайд хандаж байгаа хүмүүсийн дийлэх нь архагшсан, эдгэрэх гэсэн найдлагагүй шахам хүмүүс байдгийг нуухгүй. Энэ хэрээр ч тэдгээр хүмүүсийн эмчилгээнд цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардагддаг. С.Баяр |
|
|
Спорт
No items to show...
|
|
|
|