|
Miss Mongolia - 2009” уралдааны “Miss turism queen” өргөмжлөлт Г.МИЧИДМАА: Монгол охид маш цоглог, өөртөө итгэлтэй Манжуур хотноо зохиогдсон Сайхан бүсгүй шалгаруулах 6 дугаар тэмцээний Топ – 10-т шалгарсан Г.Мичидмаатай уулзаж ярилцлаа. - Юуны өмнө танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. - Баярлалаа
- Ямар сургуульд сурч байна. Амралтаараа нутагтаа ирээд байна уу? Тиймээ. Өнгөрсөн онд дунд сургуулиа төгсч ХААИС-ийн бизнес эдийн засгийн I курст сурч байна. Амралтаа гэр зуур өнгөрүүлж байна. Би ихэр дүүтэй. Тэд цэцэрлэгт явдаг хэр нь хичээл хийдэг том “хүмүүс” болцгоож. Тэднийхээ хичээлийг давтуулаад өдрийг зугаатай өнгөрүүлж байгаа. - Сурагчийн амьдралаас оюутны амьдралд шилжих ямар байна? - Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн залуучуудаас бүрдсэн шинэ хамт олонтой сайхан байна. Дунд сургуулийг бодвол хичээл жаахан хүндхэн. Манай ангид хичээл ордог ихэнх багш нь хижээл насных болохоор хичээлээр нэлээд шахдаг. - Сайхан бүсгүй шалгаруулалтын ямар уралдаанд оролцсон бэ? - Хичээлдээ ороод удалгүй Miss Mongolia 2009 тэмцээнд оролцож Miss turism gueen -ээр шалгарсан. Өмнөх жил нь Miss Mongolia 2008 –д оролцоод Шилмэл загварын ордонд загвар өмсч байсан. Энэ үед Монголын дизайнеруудын холбооноос Солонгос руу явуулсан. Алдарт загвар зохион бүтээгч Андрей Ким -ийн загварын сургалтад явсан. Сая дахин ороод шагнал авсандаа маш их баярлаж байна. Одоо би Содтуяа багшийнхаа “Азийн модель” агентлагт ажиллаж байна. Манай агентлагийн загвар өмсөгчид Хөх хотод тоглолтоор яваад ирсэн. Дараа нь Манжуур хотноо болсон Олон улсын Сайхан бүсгүй шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Гурван орны 74 охиноос Топ 10 - т шалгарсандаа баяртай байна. - Хичээл ном, уралдаан тэмцээнээ яаж зохицуулж байна? - Манай багш нар намайг их дэмждэг. Тэмцээнд явахынхаа өмнө би бие даалтаа авчихдаг. Сая ч гэсэн шалгалтаа өгөөд дүнгээ урьдчилж гаргачихаад явсан. Тодорхой хэмжээгээр сургуулийнхаа нэрийг гаргаж яваа гэдгээр нь багш нар үнэлгээний оноог тавьдаг. Бүх хичээлээ зохицуулчихдаг болохоор тэр л дээ. Хичээл сургуулиа хаяад яваад байвал өөрөөр хандах байх. - Манжуурт болсон тэмцээн өмнөх жилийнхээс өргөн цар хүрээтэй болсон гэж дуулдсан? Ямар шалгуураар тэмцээнд оролцох эрхийг олж авсан бэ? - Монголын бүх загварын агентлагаас шалгарсан охидод тэмцээнд орох эрхийг олгосон. Орос, Хятадын олон охинтой сайхан найзууд болсон. Тэмцээний шалгаруулалт нэлээд өндөр юм байна лээ. Тэмцээний бэлтгэлээ хотод 14 хоног хийгээд, Манжуурт бусад орны охидтой хамтарсан бэлтгэл хийсэн. - Манай аймгаас албаны төлөөлөгч оролцсон. Тэдэнтэй уулзсан уу? - Уулзсан. Тэмцээн дууссаны дараа тайзны ард орж ирээд баяр хүргэхэд сэтгэл их хөдөлсөн. Өмнөх өдөр нь нутгийнхаа удирдлагуудтай уулзсан байсан л даа. Тэмцээн 12 сарын 20-ны өдөр албан ёсоор эхэлж, хамгийн сүүлийн шатны шалгаруулалтыг телевизээр цацсан. Финальд 60 охин үлдсэн. Сонирхолтой нь хятад охидоос ер хасдаггүй юм байна лээ. - Энгийн бидний нүдээр монгол охид л илүү харагдаад байсан даа. Дотор нь байсан хүний хувьд монгол охид юугаараа давуу байв? - Энэ жил Монголоос оролцсон охидыг хувцас загварын “Торго” салон маш их дэмжсэн. Бидний өмссөн хувцас бүгд дэлхийд “данстай”, маш үнэтэй, чамин загварууд байсан. “Торго” салоны загвар зохион бүтээгч манай аймгийн Одсүрэн эгч бидэнтэй хамт явсан. Монгол охид маш цоглог. Орос, Хятадын охид их нуруулаг, сайхан биетэй ч нэг л ноомой, навсайгаад л юм юмны ард үлддэг. Гэтэл манай охид би чадна гээд ханцуй шамлаад орчихдог. Их зоригтой. - Манжуурт өдрийг хэрхэн өнгөрүүлж байв? - Бүгдээрээ Манжуурт очсон өдрөөсөө дэглэмд орсон. Эхний өдрүүдэд орой болтол хоттой танилцаж гадуур явсан. Шүүгч нарын хувьд Хятадаас тав, Монголоос нэг, Оросоос хоёр байсан. Тэд бидний алхам тутмыг хянана. Хооллоход, бэлтгэл хийхэд, лифтэнд хүртэл бидэнтэй хамт явна. Сайхан бүсгүйг нэг орой тайзан дээр алхуулаад л шалгаруулчихдаггүй юм байна лээ. Бид шөнийн 03 хүртэл бэлтгэл хийчихээд өглөө 07 цагт босч байсан ч үүндээ ер түүртээгүй. Харин ч бүх зүйл сайхан санагдсан. - Сэтгэлд хоногшсон мөч зөндөө тохиов уу? - Тэмцээн дууссаны дараа бид хэд хоног хамт байсан. Тэр дундаа хамт бэлтгэл хийж байсан мөчүүд сайхан дурсамжтай, хөгжилтэй өнгөрч байлаа. Нутаг буцах болсон чинь бие биедээ их дассан байсан. Англиар ярьж чаддаг охидтой хэл нэвтрэлцээд, орос охидтой ойлголцоод л явдаг байлаа. - Загварын болон сайхан бүсгүйн тэмцээнд ороход зам гүүр нь болж байгаа хүн гэвэл хэнийг нэрлэх вэ? - Багаасаа ийм уралдаан тэмцээнд орохыг мөрөөддөг байсан. Ээж миний хүслийг дэмждэг байсан. Ээжийнхээ зөвлөснөөр Содтуяа багшийн сургалтад явснаар багштайгаа танилцсан. Өнөөдөр Содтуяа багш миний хуурай ээж шиг л болсон. - Томоохон загварын шоу, уралдаанд орж байна уу? - Уг нь “Гоёл 2009” - д оролцох байсан ч Манжуурт болсон тэмцээнтэй давхцаад оролцож чадаагүй. Бас орох нас арай болоогүй л дээ. Энд тэндээс уралдаан тэмцээнд орох санал ирдэг хэдий ч хэзээ ямар тэмцээнд оролцохоо би дотроо төлөвлөчихсөн. Амжилт гаргахын тулд бэлтгэл хэрэгтэй. Таарсан тэмцээн бүрт ороод байхыг хүсэхгүй байгаа. - Загвар өмсөгч охидтой найзалж байна уу? - Надтай хамт оюутан болсон Туяамаа бид хоёр их найзууд. Бид хамтдаа “Азийн модель” агентлагт загвар өмсдөг. Туяамаа “Miss Mongolia 2009”-д оролцоод Мисс своровский болсон. Оюутныхаа жаргал зовлонг хуваалцаад явж байна даа. - Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд хоёр ч удаа оролцлоо. Хамт өрсөлдөж байгаа охидоосоо харахад сайхан бүсгүй гэж хэнийг хэлээд байна вэ? - Зөвхөн гадаад үзэмж чухал биш гэдгийг ойлгосон. Манжуурт байхад охид цаг баримтладаггүй, хоол идэхдээ бөхийгөөд суучихсан байх нь нэлээд анзаарагсан. Жижиг зүйл дээр ч хүний сайхан, муухай чанар нь харагддаг юм байна лээ. Зарим охид тэмүүлж чаддаггүй, хэдхэн хатуу үг сонсохоороо сэтгэлээр унах тохиолдол байсан л даа. Ингээд бодохоор хүн зорьсон зүйлдээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Үргэлж зорьсондоо тэмүүлж, сайн сайхан зүйл бодож, дотроосоо гэрэлтэж байвал тэр миний хувьд сайхан бүсгүй. Яг манай багш шиг. - Энэ жил ямар уралдаан тэмцэээнд орохоор төлөв-лөөд байна ? - Хавар Улаан-баатар хотод болох Miss global beauty gueen тэмцээнд оролцоно. Олон улсын чанартай энэ тэмцээнд 70 гаруй орны сайхан бүсгүй оролцох юм банйа лээ. - Чи өөрийгөө өрсөлдөгчөөсөө юугаараа давуу гэж боддог вэ? - Тайзан дээр гараад өөртөө итгэлтэй инээмсэглэдэг. Инээмсэглэлээрээ бусад охидоос илүү гэж боддог шүү. Бас хөлөндөө их хайртай. - Нэгэнт сайхан бүсгүйн ертөнцөд хөл тавьсан болохоор алхам тутамд өөрийгөө хөгжүүлэхийг шаардах байх? - Миний хувьд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол гадаад хэлний мэдлэг. Мөн сайхан бүсгүйн нэг шалгуур бол авьяас байдаг. Тиймээс бүжгээр хичээллэнэ. Бие, галбираа хөгжүүлэхийн тулд спортоор хичээллэнэ гээд анхаарах зүйл олон бий. - Нэртэй загвар өмсөгчидтэй нэг тайзан дээр алхаж байв уу? - Уралдаан, загварын шоу-ны бэлтгэлийг хамт хийж байсан. Топ модель Одгэрэлтэй уулзаж зөвлөгөө авч байсан. Одгэрэл эгч тайзан дээр жүжиглэлт сайтай, өмссөн хувцсаа амилуулж чаддаг. Монголдоо хамгийн сайхан бүсгүй нь гэж боддог. - Манай редакцаар зочилсонд баярлалаа. Улам их амжилт гаргасан хойно сониныхоо хойморт дахин уринаа. А.БАТТУЯА
|