|
Төрсөн ганц охин нь БОЭТ -д хүүхдээ төрүүлчихээд сураггүй болсон талаар Чойбалсан сумын иргэн Р.Отгонтуяа манай сонинд захидал ирүүлжээ. Миний охиныг Саруултуяа гэдэг. Энэ жил 25 нас хүрч байна. Миний охин 2009 оны 10 дугаар сарын 10-нд БОЭТ-ийн төрөх тасагт хүүхдээ төрүүлсэн юм
Хүүхэд нь бүтэлттэй төрсөн болохоор 4-5 хоног инкубаторт тэжээгдэх болж эмнэлэгт хэд хонох болсон. Эмнэлгээс гарах дөхөхөд нь амралтын өдөр таарч би нэг дэх өдөр ирж авах болсон юм. Гэтэл 17-ны өглөөний 06.00 цагт өрөөндөө байхгүй байсныг эмч нар мэдсэн. Тэр үед асрагч нар хүүхдийг нь хуурайлдаг юм байна л даа. Өнөөдрийг хүртэлх 4 сар гаруй хугацаанд би охиныхоо царайг харсангүй. Анх төрөхөөр ирэхэд нь шинжилгээг нь өгүүлээд, төрөхийн өмнөх байранд үлдээгээд гарсан. Алга болохынхоо өмнөх өдрийн үдийн хойно надтай утсаар зүв зүгээр ярьж байсан. Гэтэл 10 дугаар сарын 17-ны өглөө нэг эмч “Саруултуяа гэртээ очсон уу” гэж утсаар асуусан. Өмнөх шөнө нь хүүхдийг нь өөрөө амьсгалах чадвартай болохоор ээжид нь өгсөн юм байна лээ. Алга болсон өдрөөс хойш 120 гаруй хоног таг чиг байна. Тэр өдрөөс л цагдаа шүүхэд мэдэгдэж эрэн сурвалжилсаар өдийг хүрлээ. Арга ядахдаа “рентген” Болд, сумынхаа үздэг хардаг лам хар, үзмэрч гээд надад яваагүй газар гэж алга. Тэд бүгдээрээ л хүүхэд чинь сайн сайхан байна. Сүнс сүүдрийг нь дуудуул гэдэг. Алга болсон орой нь ээлжинд гарч байсан сувилагч нь хүртэл үздэг хардаг хүнд хандсан байна лээ. Хамгийн гол нь алга болсных нь орой цас ихээр шуурсан болохоор найдваргүй санагдаад байна. Голын дагуу долоон удаа хайгаад ч олсонгүй. Үхсэн бол өрөөсөн оймсыг нь ч гэсэн олж авмаар байна. Эрж хайх явцад миний охинтой хамт хэвтэж байсан Сэргэлэн сумын хүн Саруултуяагийн нөхөр нь гэх хүн шатны дэргэд зогсож байсан гэж надад хэлсэн. Саруултуяа өөрөө ч хүүхдийнхээ эцгийг мөн гэж надад ярьж байсан гэхээр нь байцаагч руу дагуулаад очсон. Хэрэг хариуцсан байцаагч нь “Энэ хүн өмнө нь ингэж мэдүүлж байгаагүй ээ. Энэ манай сумын Улаанаа гэдэг хүн мөн гэж л хэлсэн. Хэдүүлээ дахин хайя. Бүх гэрчийг дуудаж уулзая” гэж надад хэлсэн. Хүүхдийнх нь эцэг болох Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн Б.Энхжаргал охиныг минь өмнө нь харж үзээгүй, зунаас хойш аймагт орж ирээгүй гэж мэдүүлсэн байна лээ. Би энэ хүнийг худал ярьж байна гэж бодож байгаа. Үүнийг батлах хүн зөндөө бий. Уг нь миний охиныг таарч тохирно гэж нутаг руугаа авч явчихаад “Ээжтэй таарахгүй байна” гэсээр Станцын цэнхэрт нэг айлд орхисон байсан. Үүнээс болж сэтгэлийн дарамтад өртөж, өвчин нь сэдрээд Сэтгэцийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Үүнээс хойш гэртээ ирээд бие нь нэг л таагүй байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд хүүхэдтэй болсон байсан. Энэ үед их баярласан. Охин минь 25-ны жил дээрээ хүүхэдтэй боллоо. Хүүхдээ төрүүлэхээр бие нь эдгэрнэ гэдэгт итгэж байсан. Миний охин сэтгэцийн тасагт хяналтад байдаг байсан. Гэтэл жирэмсэн байхдаа нэг ч удаа өвчин хэлж байгаагүй. Эмнэлгээс гарах дөхөхөд “Ээжээ би гэртээ харимаар байна. Та ирэхгүй юм уу” гэж ярьж байсан хүн гэнэт алга болохоор ямар нэгэн учир байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өдөр бүр л хөхөөрөө даллалаа. Сураг алга. Үүнийг би хүүхдийнх нь эцэг болох хүнтэй холбоотой гэж бодож байна. Миний охиныг бодвол ахимаг настай, энэ явдлаас хойш дахин гэрлэсэн дуулдсан. Саруултуяа алга болоод 4 сар өнгөрч байхад тэдний талаас нэг ч удаа санаа тавьж, утсаар ч болов ярьсан зүйл алга. Саяхан нэг мэргэн хүнд үзүүлэхэд 2 дугаар хороонд нэг сайн айлд байна гэсэн. Аймгийн төвд олон хамаатан садан байдаг хэдий ч нэгийнхээр нь ч ороогүй байна лээ. Алга болох үедээ хүүхэд нь эмнэлгийн өлгийтэй, Саруултуяа ягаан биеийн тамирын цамц, цэнхэр тамирын өмдтэй гарсан. Углаашаа тайлаад цонхны дор орхиж, бүх бичиг баримт, эмнэлгээс гарахдаа тушаадаг 2500 төгрөгөө хүртэл ширээнийнхээ завсарт хавчуулаад орхисныг бодоход их л тайвуу явсан юм шиг байгаа юм. Цагдаагийн газраас одоо болтол сураг гарах муутай л гээд байна. Дөрвөн кг жинтэй, царай сайтай охин төрүүлсэн гэхээр нь дотроо баярлаж байгаа ч сураггүй удахаар нь өдөр бүр уйлан сууна. Миний охин эрүүл энх яваа бол ээж аав, ах дүү нартаа хурдан ирээч ээ. Буруу зүйл хийлээ гэж айж эмээж байгаа бол санаа зоволтгүй хүрээд ир. Ээж, ах эгч нар нь хүлээж байгаа шүү газар дээрх ганц охин минь. Хаяг: Чойбалсан сумын Хулстай баг Аав Дамдинжав, ээж Отгонтуяа, ах дүү нар Холбоо барих утас: 99583700, 95762628, 88577760, 88577259 |