| Мал тооллогын талаар. |
|
|
|
| Бичсэн: Administrator | |
| 2008/12/09 | |
|
Мал тооллогын зорилго нь мал, амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг улсын хэмжээгээр болон бүс нутаг , засаг захиргааны нэгжийн хуваарийн дагуу мал, амьтдын төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, тухайн нэг жилийн доторхи мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үр дүнгийн холбогдох бүх мэдээллийг үнэн зөв тодорхойлоход оршино. Тооллогын ажлыг явуулах хугацааг Засгийн газрын 2003 оны 10 сарын 14-ний өдрийн 224-р тогтоолоор 12-р сарын 7-ноос эхлэн 10 хоногийн хугацаанд явуулахаар товлон тогтоосон. Энэ тогтоолын дагуу “Хүн амын шинэчилсэн бүртгэл хийж мал, тооллого явуулах тухай 347 тоот захирамж 11-р сарын 27-ны өдөр гарч аймгийн Засаг даргаар ахлуулсан комисс байгуулагдан ажиллаж байна.
Мал тооллого явуулах зарчмын хувьд дараах зүйлүүдэд анхаарах хэрэгтэй. Үүнд: 1.Тооллогыг явуулахдаа мал амьтдыг нэг бүрчлэн нүдээр үзэж биечлэн тоолж бүртгэх 2.Мал амьтдыг тоолохгүйгээр маллагч эзнийх нь амаар бүртгэж тооллогын ач холбогдлыг бууруулахгүй байх, 3.Мал тооллого явагдаж байгаа 10 хоногийн хугацаанд нядалгаа хийхгүй, мал, мах тээвэрлэхгүй байх журмыг хатуу мөрдлөг болгох ёстой. 4.Аж ахуйн нэгж байгууллага айл өрхийн малыг байгаа газарт нь тоолж тухайн нэгж байгууллага, айл өрхийн оршин сууж байгаа газрын дансанд тусгана.
5.Мал тооллогыг явуулахдаа 7-ны өглөөнөөс эхлэн нутгийн захаас дотогш хумих байдлаар явуулах шаардлагатай.Тооллогын ажилд урьд өмнө нь ажиллаж байсан дадлага туршлагатай хүмүүсийг оролцуулахын зэрэгцээ, шинэ залуу хүмүүсийг дагалдуулан оролцуулж сургах, 6. Багт ажиллаж байгаа тооллогын нэг хэсэгт 3-аас доош хүн явуулж болохгүй. Айл өрх албан газрын малыг нэг бүрчлэн нүд үзэж тоолохыг хатуу анхаарах хэрэгтэй байна.
Мал тооллогын үеэр аймгийн мал тооллогын комиссын гишүүд сумдад тодорхой хугацаагаар ажиллаж Та бүхний тооллого хэр үнэн зөв чанартай явагдаж байгаатай танилцаж хяналтын тооллого хийх болно.
12-р сарын 5-наас эхлэн малын ямар нэг хөдөлгөөн хийх (нядлах, шилжүүлэх)-ийг 17-ныг дуустал хориглоно. Ноднин мал тооллогоор сумдад явж байхад ид тооллогын үеэр мал нядлаж байсан тохиолдол нэг биш удаа гарч зөрчил гаргасан хүмүүс нь торгууль шийтгэл хүлээж байсан гэдгийг анхааруулж байна.
Энэ дашрамд мал тооллогын явуулах ажлаас зайлсхийсэн , эсвэл тооллогын ажилд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, мал амьтныг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох албан тушаалтан, иргэнийг 20.0-100.0 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 43-р зүйлд заасан байдгийг анхаарч зөрчил гарсан тохиолдолд сумын Засаг даргын шийдвэрээр арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгэн жилийн хөдөө аж ахуйн ажлын үр дүнгээ гаргаж байгаа тооллогын ажилд байгууллага иргэд идэвх зүтгэл гарган оролцоно гэдэгт найдаж байна.
Мал тооллогын маягттай ажиллах талаар товч зөвлөмж өгье
Маягт ¹1.Мал тооллогын картыг бөглөх тухайд: Мал тооллогын карт нь дотроо 12 макет буюу 12 хэсгээс бүрдэж байгаа. Үүний эхний 5 макет нь малын хөдөлгөөн, мал бүхий болон малчин өрхийн насны бүлэглэлтэй холбоотой үзүүлэлтүүд юм.Өмнөх жилүүдэд 10 макетаас бүрдэж байсан бол энэ жил цахилгаан үүсгүүрийн тоо, жилийн туршид хэрэглэсэн түлш гэсэн 2 макет, өрхийн тэргүүлэгчийн регистр, өрхийн бүртгэлийн дугаарыг тавигдахаар болсон. Өрхийн бүртгэлийн дугаар нь ХАӨБ-ийн дэвтэр дээх байгаа дугаараар тавигдах ёстой өөр дугаар байж болохгүй. Мал тооллого явагдахын өмнө бэлтгэл хийх ажлын хүрээнд өнгөрсөн жилийн эцэст тоологдсон бэлэн мал, хээлтэгчийг ноднин жилийн карт, эсвэл “А” данснаас нь суулгаж өгөх хэрэгтэй. Багуудынхаа оны эхний мал хээлтэгчийг нь үнэн зөв тавиулж малын орлого зарлагын хөдөлгөөнийг эхнээс нь үнэн зөв хийлгэхэд анхаарах хэрэгтэй.Энэ тал дээр анхаарал муутай ханддагаас зарим сумд оны эхний мал хээлтэгчээ зөрүүлж тавиад ирдэг. Ийм байдал гаргуулахгүй гэсэндээ өмнөх онд тоологдсон мал хээлтэгчийг чинь сум бүрээр гаргаад та нарт өгч байгаа шүү.
Тоологдсон малыг нас хүйс эр, эмээр нь гаргана.16-р багананд сүүлийн 2 насны хээлтэгчийг дүгнэж тавина.Энэ жилийн төл бэлэн тоологдсон төл 2 тэнцүү байх ёстой.Малын орлого зарлагын хөдөлгөөнд зүй бусаар хорогдсон малын тоо нь 11-сарын эцэст өгсөн том малын хорогдлын мэдээнээс шалтгаан тус бүрээрээ, төллөсөн хээлтэгч гарсан төл, хорогдсон төл, бойжсон төл, нь 11 сарын эцсийн төл бойжилтын мэдээний холбогдох үзүүлэлтүүдээс буурах ёсгүй. Өрх ам бүл, малчдын тооны 5-р макетын 21-р мөрөнд энэ жилийн үзүүлэлтүүдийг бөглөнө. Ноднингийн малчдын тооны үзүүлэлтүүдийг оны эхний мал хээлтэгчийг хамт та нарт өгч байгаа түүнийг доод мөрөнд нь тавьж иалчдын тооны өөрчлөлтийг харьцуулж үзэх хэрэгтэй. Тухайн айлд байгаа тавиул малыг 9-р макетэнд бөглөнө. Энэ макетын дүнгээр баг, сумын хэмжээнд хичнээн хүний хэдэн төрлийн тавиул мал байгааг гаргаж ирүүлнэ.
Маягт ¹2.Тооллогын картнаас тэжээвэр амьтад бүртгүүлсэн айл өрх албан газрын тэжээвэр амьтдыг энэ маягтаар нэгтгэж гаргана.Нийт дүнгээс нь хувийн аж ахуйнхыг сугалж харуулна.Албаны болоод амины тэжээвэр амьтад өсгөн үржүүлдэг айл өрхийн тоог нэмж 1-р багананд тавина.Энэ өрхийн тоо үнэн зөв байх ёстой. Яагаад гэвэл оны дараа тэжээвэр амьтад өсгөн үржүүлдэг өрхийг улсад нэрээр нь авах асуудал яригдаж байгаа. Эдгээр тоологдсон амьтдаас үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүнийг дараагийн хүснэгтэнд тавина.Жил жилийн тооллогын дүнгээс харахад тэжээвэр амьтад өсгөн үржүүлдэг боловч түүнээс ямар нэг бүтээгдэхүүн авч ашигладаггүй, бүтээгдэхүүнээ борлуулдаггүй гэсэн үзүүлэлт харагддаг. Ийм зүйл байж болохгүй.Харж суухын тулд амьтад тэжээдэг гэсэн ойлголт баймааргүй байна.
Маягт ¹3. 2008 онд өөрийн хүчээр үйлдвэрлэсэн төрөл бүрийн тэжээлийг сумын дүнгээр бүртгэж үүнээс иргэдийн бэлтгэсэн тэжээлийг сугалж харуулна.Мал тооллогын картанд тэжээл үйлдвэрлэсэн гэж бүртгэгдсэн өрхүүдийн нэгтгэлээс гадна, малгүй боловч зөвхөн газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээс энэ маягтаар тооллогыг явуулж сумын нэгдсэн дүн буюу салбарын дүн нь гарна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэжээлийн хүснэгтийн доод хэсэгт газар тариалан эрхэлдэг ААН-ийн тоог нь тавина. Эдгээр ААН-дийнхээ тарьсан талбай, авсан ургацыг төрлөөр нь хүснэгтээр гаргаж ирүүлнэ. Энэ маягтанд өөрийн хүчээр үйлдвэрлэсэн тэжээлээс гадна Иргэдийн амины малыг тоологдсон дүнгээр нь бүлэглэх хүснэгт байна.Амины малыг энэ жилийн хүснэгтэнд 2 байдлаар бүлэглэхээр өөрчлөлт орсон. 1.Амины малтай өрхөөр 2.Малчин өрхийн өөрдсдиййнх нь малаар гэсэн 2 бүлэглэлтийг 2 хүснэгтэн дээр хийж ирнэ.
Бүлэглэлтийг хийхдээ баг, багаар нь малын өгсүүлэлт хийж нэгтгэсэн “А” данснаас авч нэгтгэх хэрэгтэй.Энэ маягтыг нэгтгэхэд гардаг алдаа нь өгсүүлэлт буруу хийсэн данснаас нэгтгэлт хийснээс шалтгаалан гардаг.Энэ алдааг шалгахдаа тухайн бүлэглэлтэнд багтаж байгаа малын тоог өрхийн тоонд хуваахад гарч байгаа малын тоо нь тухайн интервалын дотор багтаж байх ёстой.Жишээлбэл 11-30-ийн дотор байх шаардлагатай гэсэн үг.11-ээс бага юмуу 30-аас дээш гарч болохгүй. Бүлэглэлтийн дүн нь сумын дүн / 0 / салбар нь амины малтай өрх, ам бүл, малын тоотой тохирох бөгөөд зөвхөн алдуул мал амины малд орж бүртгэгдсэн тохиолдолд тэр малын тоогоор карт дээрх малын тооноос бага байна.Өөрөөр хэлбэл бүлэглэлт хийхэд алдуул малыг оруулахгүй.
Маягт ¹4.Малчин өрхүүдэд хэрэглэгдэж байгаа ахуй, соёлын зориулалттай эд зүйлсийг бүртгэнэ. Маягтанд баг багаар нь үзүүлэлтийг гаргаж сумын нэгтгэлийг хийнэ.Малтай боловч түүнийг жилийн турш малладаггүй өрх, тухайлбал сумын төвийн өрхийг энд оруулахгүй.
Маягт¹5. Тухайн айл өрх албан газарт тоологдож картанд бүртгэгдсэн малаас Цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн малыг энэ маягтаар нэгтгэнэ. Үүлдрийн нэрийг тодорхой бичих хэрэгтэй.Малын шифрийг мал тооллогын шинэ заавраас авч тавина.8-р баганад шалгалтын дүнг гаргахдаа 1-р баганаас 7-р баганыг дуусталх бүх тоонуудыг нэмж тавина.Энэ маягтын үзүүлэлтүүдийг компьютерийн программаар шалгаж авах тул малын шифр, шалгалтын дүнг зөв тавьсан байх шаардлагатай.Жилээс жилд цэвэр эрлийз малын тоо буурч байна.Үүний шалтгааныг илтгэх хуулсандаа тодорхой бичиж ирүүлэх хэрэгтэй байна.
Маягт ¹6А. 2008 онд шинээр гаргасан, засварласан худгийн тайлан Холбогдох үзүүлэлтүүдээр багаар гаргаж дүгнэнэ .
Маягт¹9. 2008 онд малжуулах талаар авсан арга хэмжээний тайлан
Онцлон анхааруулах зүйл:
1.Тооллогыг хугацаанд нь сайн зохион байгуулалттай чанартай явуулах. 2.Мал тооллогын нэгтгэлийн гаргахдаа оны эхний мал хээлтэгчийг эндээс хүргүүлсэн материалтай тулган шалгах 3.Эрлийз малын тооллогын дүнг үнэн зөв гаргах өнгөрсөн оныхоос их хэмжээгээр хорогдсон тохиолдол гарвал албан ёсны тайлбар хийх. 4.Малтай өрх, малчин өрхийн тоог “А” дансаа үндэслэн үнэн зөв гаргах. Эдгээр өрхийн тоо өмнөх оныхоос буурсан тохиолдолд ямар шалтгаанаар буурах болсныг тодорхой баримттай албан ёсоор тайлбар авч ирнэ. 5.Энэ жилийн тооллогын дүнгээс дараах мэдээллийг маягтаар авна. 1.Сумын бүх багуудаар мал тооллогонд гарсан зардал 2.Багуудаар малтай болон малчин өрх ам бүл, малын тоог төрлөөр 3.500-аас дээг малтай өрхийг малын төрлөөр 4.Тавиул малыг эзний нэр, багаар 5.Тойрох хуудсанд бичигдсэн бусад мэдээ материалуудыг
Мал тооллогын материалтай хамт гаргаж ирүүлэх бусад мэдээний талаар:
Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний дундаж үнэ ХАА-3
Энэ мэдээг бид аймгийн төвийн захаас сар бүр авдаг . Жилийн эцсээс эхлэн цаашид сар бүр сумдаас авах шаардлагатай боллоо. Мал худалдах дээд үнэ биш гэдгийг онцлон анхаарах хэрэгтэй. Ноос ноолуур гэх мэт зүйлийг бэлтгэж, борлуулж байгаа үед нь үнийн судалгаа хийж мэдээлж байх юм. Энэ дашрамд та нарт ХАА-н мэдээний бараг бүх маягтыг файлаар өгч байна.Энэ маягтууд дээрээ багуудаа нэрээр нь зоогоод сар бүрийн мэдээнүүдээ хийгээд боломжтой бол е-майлаар дамжуулаад байх боломжтой, маягтыг нь хэвлээд багууддаа өгч байх хэрэгтэй шүү.
Хүн амын мэдээний талаар:
Хүн амын ердийн хөдөлгөөний мэдээ ХА-1.
Энэ мэдээг жилд 2 удаа гаргадаг.Эхний хүснэгт нь төрсөн хүүхдийн тоо эхийн насаар, хот хөдөөгөөр байгаа, сумдын хувьд төрсөн хүүхэд бүгд үүнээс хөдөөд гэж гаргана.Хотод гэсэн 2,3,4 дүгээр багананд зөвхөн Чойбалсан хотынх тавигдана.Бүгдээс эмнэлэгт төрснийг салгаж гаргах ёстой.Хүүхэд төрүүлсэн эхчүүдийг боловсрол, гэр бүлийн байдал, насаар нь ангилсан байгаа.Эдгээрийн нийт дүн нь 1-р хүснэгтийн нийт дүнтэй барьж байхыг анхаарах хэрэгтэй.Нас баралтыг насаар нь гаргаад бүлгийн дүнг дүгнэж тавина.Гэрлэлт цуцлалт үрчлэлтийг маягтын үзүүлэлтүүдээр хүн амын бүртгэлийг үндэслэн гаргана.Маягтыг зааврын хамт хүргүүлж байгаа. Энэ мэдээг гаргахад анхаарах зүйл бол сумын хүн эмнэлгийн болон сумын тамгын газраас гаргаж байгаа мэдээтэй тулгаж шалгасан, зөрүүгүй байх шаардлагатай.Гарцаагүй зөрүү байвал шалтгааныг бичиж ирнэ.Энд иргэний бүртгэл мэдээллийн алба, Эрүүл мэндийн газрын мэдээтэй тулгаж шалгах болно.
Хүн амын шилжих хөдөлгөөний тайлан ХА-2
Шилжиж ирсэн, шилжиж явсныг насны бүлгээр аймаг хотоор нь гаргана. Шилжиж ирсэн явсан хүнийг дотор нь өөрийн аймгийн төвөөс,сумын төвөөс, хөдөөнөөс, Дархан, УБ, Орхон, бусад аймгаас гэж харуулна. Энэ мэдээ нь иргэний бүртгэл мэдээллийн албаны мэдээтэй тохирч байх шаардлагатай, зөрүү гаргаж болохгүйг анхаар
Суурин хүн амын жилийн эцсийн тайлан ХА-3
Энэ мэдээг гаргахдаа сумынхаа нутаг дэвсгэрт 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа хүнээр гаргана.Харин хугацаат цэргийн албан хаагчид, оюутан сурагчид хоригдол хүмүүс нь тухайн сумандаа биш одоо харьяалагдаж байгаа газартаа суурин хүнээр гарна.Харин өрхийн бүртгэлийн дэвтэрт бол тухайн өрхөд хамаарах бүх хүнийг бүртгэж дээр дурдсан хүмүүсийг шилжилт хөдөлгөөнөөр нь харуулдаг.Цэргийн ангиудад томилолтоор 6 сараас дээш хугацаагаар ажиллаж байгаа ганц бие офицер ахлагч нар нь тухайн сумын суурин хүн амд орж бүртгэгдэх боловч өрх үүсэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэдээний 2-р хэсэгт өрх, хүн амыг байршлаар нь харуулна.Энэ нь өмнөх оныхтой ойролцоо байх ёстой. Хүснэгтийн 3-р хэсэгт 90-ээс дээш өндөр настнуудыг асуултын дагуу бүртгэж регистрийг нь бичих шаардлагатай.Маягтан дээр 100-аас дээш гэж байгаа, цагаан сараар аймагт 90 дээш настныг авдаг учир маягтан дээрээ 90-ээс дээшийг бичээрэй.Энд анхааруулж хэлэхэд 2009 оны цагаан сараас өмнө 90, 100 хүрэх хүн байвал энд оруулахыг анхаараарай.Яагаад гэвэл эдгээр хүмүүс чинь тооллого бүртгэлийн үед 89, 99 настай байх болно.
Хүн амын ажил эрхлэлтийн судлагаа ХН-1
Бидний ярьж заншснаар хөдөлмөрийн нөөцийн баланс юм. Энэ судлагааг гаргахад дараах хэдэн зүйл дээр анхаарах шаардлагатай байна. Үүнд: -1,2-р макетын суурин хүн ам гэсэн баганын үзүүлэлтүүд нь дээрх ХА-3 мэдээний суурин хүн амын харгалзах үзүүлэлтүүдтэй тохирч байх ёстой. -2-р макетын 12-р баганыг бөглөхгүй. Эхний 2 макетын үзүүлэлтээс ар талын хүснэгтүүдийн үзүүлэлт задарч харагддаг гэдгийг анхаарах. -Ажиллагчдын тоо, байгууллагын төрөл эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилалуудыг сайн хийж хүснэгт хоорондын балансжилтыг зөв дүгнэсэн байх. Дээрх зүйлүүдийг анхааран маягт дээр байгаа заавар аргачлалтай сайтар танилцан мэдээ тайлангуудаа ямарч алдаа мадаггүй гаргаж ирүүлнэ гэдэгт найдаж байна.
Өрх нийгмийн зарим үзүүлэлт НС-1
Энэ тайланг гаргахад дараах хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй байна. Өнчин хүүхдийн тоонд гэр бүл салалтын улмаас, эсвэл эцэг эхийн хэн нэг нь хамт амьдардаггүй бол оруулахгүй. Өрх толгойлсон хүн нь сумдын хувьд хөдөө дээр тавигдана. 8 ба түүнээс дээш ам бүлтэй өрх, мөн 16 хүртэл насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй өрхийн тоо, жил бүр их хэлбэлзэлтэй гарч хэл ам таталж байна.Энэ нь өрхийн бүртгэл жил бүр хийгддэггүйтэй холбоотой гэж үзэхээс аргагүй байна.Энэ тоон дээр анхаарах хэрэгтэй. |
| < Өмнөх | Дараах > |
|---|



